Wednesday, January 21, 2009


ТЭНГЭРИЙН УЛААЧ БУЮУ МОНГОЛ БӨӨ

Бөөг хар зүгийн бөө, цагаан зүгийн бөө гэж ерөнхийд нь ангилдаг. Харын бөө нар хүнд муу зүйл хийдэг, хараалч хар нь муу цагаан нь сайн гэж хүмүүс ихээр ярьдаг.
Хар, цагаан ангилал нь тэдний хүчээ аль зүгээс авч байгааг харуулдаг юм. Харын бөө нар хойд зүгээс онгодоо дууддаг бол цагааны бөө нар урд зүгийг голчилдог. Үнэндээ хар, цагааны аль нь ч хүнд сайн, муу зүйлийг хийж чаддаг.
Харын бөө
Харын бөө нарын онгодууд ихэвчлэн зүүний хар тэнгэрүүдээс гарвалтай, дайнч тэнгэрүүд зохнилдог. Энэ талаар О.Пүрэв “Монгол бөөгийн шашин” номондоо “Аливаа хорлол, муу нөлөө түүнийг даван туулах гэсэн хатуугийн эсрэг хатуу бүхнийг хар өнгөөр билэгдэн\хар хэрэг, хар санаа\ дүрсэлсэн хар дом шившлэгээс үндэслэн дээд тэнгэр, газар усны эздийг номхон, догшин хэмээн 2 ангилан үзэж догшидийг бүхэлд нь “Хар тэнгэрүүд” хэмээн тахиж шүтэх болсон байна”.
Харын бөөгийн эдлэл хэрэглэлд сэлэм, жад, дуулга, хутга, сүх гэх мэт тулааны хэрэглэл голлох үүрэг гүйцэтгэдэг. Түүхийн үүднээс авч үзвэл харын бөө нар дайн тулаан, энхийн аль ч цагт өөрийн үүргээ гүйцэтгэж байжээ. Дайны үед цэрэг армийн сүр хүчийг харын бөө сэргээж дайны тэнгэрт тахил өргөх, дайсны сүрийг мохоох зан үйл хийдэг байж. Тулаанд орохын өмнө Баатар тэнгэрийг тахидаг. Баатар тэнгэрийн гол үүрэг нь тэнгэрийн цэргийг төвлөн засаж, зэр зэвсгийг нь хурцалж, дайчин эрсийн зориг золбоог нэмэхэд чиглэгддэг. Баатар тэнгэр ивээн тэтгэж байгаа цагт үхэл огт аймшигтай биш, харин ч дайчин эрсийн зүрх зориг, амин насыг үржүүлэн нэмж, хүлэг моринд нь жигүүр ургуулдаг \Хайссинг, 1974, 530\
Д.Банзаровын бичсэнээр “энэ баатар тэнгэр нь эр цэргийн зориг золбоог нэмэхээс бус дайн тулаанд оролцдоггүй, дайн тулааны үед Монголчууд Дайчин тэнгэр хэмээх өөр нэгэн тэнгэрт мөргөдөг ялалтыг болохоор Хисаан тэнгэрт хамааруулдаг”\1955,77\ гэжээ. Хисаан тэнгэр нь:
Ирэх сумыг иргүй болгогч
Эсгий дээл хувцасыг хуяг болгогч чадалтай бөгөөд өстнөөс өсийг авч өгдөг байна. Өнөө цагт харын бөө өөрсдийн хүчээ аюул ослоос хамгаалах, хатуу хэл амийг зайлуулах, эмчилгээ хийх, зам мөрийг тэгшлэх зан үйлд ашигладаг болжээ. Хэдийгээр харын бөөгийн тулааны үүрэг суларсан ч хамгаалалт, зүхэл хийх, элдвийн ад зэтгэртэй тэмцэх чадвар нь өнөөг хүртэл хүчтэй хэвээр байгаа билээ. Харын бөө эртнээс дайны үйл хийсээр дадаж, хатуу үйлд мэргэжсэн байна.

Цагааны бөө
Цагаан зүгийн бөө нар нь Барууны 55 цагаан тэнгэр савдаг, лусын хөлөлтэй байдаг. Тэд цагаан зүгийн онгод тэнгэрээр дамжуулан хүнд сайн, муу зүйлсийг хийж чаддаг. Цагааны бөө нар ихэвчлэн бариа, дом, заслийг гололдог. Тэдний хувьд шинийн 2, 8, 16-ний өдрүүдийг чухалчилдаг. Эдгээр өдрүүдэд цагаан зүгийн тэнгэр, онгодууд газарт бууж тэдний өргөсөн тахил, идээг хүртээд буцахдаа муу муухай зүйлсийг нь аван оддог. Цагааны бөөгийн гол зан үйл нь уул, усны эзэд, зөөлөн онгод тэнгэрүүдийг урин дуудаж үйлээ бүтээдэг. Цагааны бөө нар харын бөөгөөс дутахгүй хүчтэй гэдгийг хүмүүс ойшоодоггүй.
Зөөлөн нь хатуугаа
Зөв нь буруугаа,
Чулууг чулуу дийлэхгүй
Чулууг ус дийлнэ гэдэг үг ч байдгийг санах хэрэгтэй. Хар, цагааны аль аль нь өөрийн гэсэн давуу талтай юм. Бөө гэхээр л бүгд хэцтэй байдаг гэж зарим хүмүүс андуурдаг. Цагааны бөө нар эхлээд Таяг, хуураар бөөлдөг. Таяг нь савдаг, лустай холбогдоход илүү төхөм байдаг бололтой. Зэрэг ахиад ирэхээрээ талтай хэнгэрэг барьдаг. Мөн цагааны бөө нөмрөг нөмөрдөг. Нөмрөгөндөө 9,12, 27, 81 ширхэг эдийг оёсон байдаг. Эдгээр нь тухайн бөөгийн хүч, ямар савдаг, лустай холбоотойг нь заадаг.


Шарын бөө

17-19 р зууны үе бол Монгол бөө нарын хувьд хүнд үе байлаа. Энэ үед Буддизм хүчтэй нэвтэрч бөө нарыг өөр хооронд нь харын, шарын гэсэн хоёр урсгалд талцан хуваагдахад хүргэсэн байна. 1578 онд Түмэдийн Алтан хаан бөө удаган залахыг хуулиар хориглон, бөө залсан айлыг бод малаар торгож, бөөгийн онгод сахиусуудыг гарган хаяж Махгал бурхны хөргийг айлуудад өгч байлаа. 1940 оныг хүртэл Монголд 941 буддын сүм хийд үйл ажиллагаагаа явуулж байлаа. Харын урсгал нь бөөгийн эртний уламжлалаа дагадаг харин шарын бөө нь зарим онгодоо Буддын сахиус бурхадаар солин хувьссан чиглэл байлаа. Харын бөө нар харийн шашнийг эсэргүүцэн тэмцсэн бол цагааны бөө нарын зарим хэсэг нь хүлээн зөвшөөрч шарын бөө буюу лам багштай номтой бөө нарыг бий болгосон ажээ. Бөөгийн мөргөл нь 17-р зуунаас хойш өөрчлөгдөн хувьсаж, нууцлагдан амнаас аманд, эцгээс хүүд өвлөгдөн явсаар 1990 оноос хойш хүчтэй дэлгэрч эхэлсэн. Бөөгийн дэлгэрэлтэд өөрийн харын бөөгийн уламжлалаа сайтар хадгалан авч үлдэж чадсан урианхай, буриад, дархад ястнууд голлох нөлөөг үзүүлж байна.

3 comments:

Anonymous said...

blogoo orgojuulj ajiluulahgui um uu

CATAH said...

Их хэрэгтэй мэдээлэл байна
Баярлалаа

sanaa said...

thaks